Сургалтын блог

Эцэг эхчүүдэд зөвлөгөө


Доорх бичвэр 2009 оны 2 сарын 12-ны өдрийн Зууны Мэдээ сонины дугаарт "Мэдлэгийн зууны боловсрол ба диплом үйлдвэрлэгч ТҮЦ" нэртэйгээр хэвлэгдсэн.   Хаврын урь орох бүрт хотынхон бөөн ажил болгон газар ухаж, мод суулгадаг боловч хот маань ногоон бүрхүүлтэй болж чадалгүй өдий хүрсэн нь ургамал судлаачдын мэдлэг боловсрол дутсаных уу, эсвэл мэргэжлийн хүний үгийг ойшоодоггүй удирдлагуудын мэдлэг боловсрол дутуугийнх уу. Өнөөдрийн хотыг харахад азийн цагаан дагина гэгдэж байсан тэр үе аль эрт өнгөрч архитектурын ямар ч үзэмж зохицол байхгүй, хэдэн шавааралдсан байшинтай, цэцэрлэг, ногоон байгууламж, зүлэг, засмал явган зам байхгүй, өмнө байсан зүлэг мод, тохижуулсан явган замаа устгаад энд тэндгүй шороо бужигнасан хот болж хувирсан нь бас л мэдлэг боловсрол доройтож байгаагийн илрэл болов уу. Хөдөө нутгаар яваад үзэхэд ч газар усаа хайрлаж хамгаалах, ухаалгаар эзэмшиж ашиглах сэтгэл дутсанаас хайр найргүй ухаж төнхөөд, үр дүнд нь гол горхи хатаж ширгэн, цөлжилт газар авсаар байгааг эцсийн бүлэгт бас л мэдлэг боловсролтой холбож үзэх хэрэгтэй юм даа.   Энэ бүхнийг нэг талаас зах зээлийн нөхцөлд хүн бүр өөрсдийн амьжиргааны төлөө хийж байгаа гэж зөвтгөхийг оролдовч нөгөө талаас улс орны амьдрал гэдэг хүн бүрээс хамааралтай учир энэ бүхний цаана хууль тогтоогч, хэрэгжүүлэгчээс эхлэн бүх иргэд байгаа гэдгийг мартаж болохгүй юм. Тэгвэл бид бүгдээрээ ухамсар доройтож, бүх зүйлийг зоосны нүхээр хардаг болсон гэвэл итгэхэд бас бэрхшээлтэй. Харин бид бүхний сурч эзэмшсэн боловсрол маань зах зээлийн өнөө үед хэрэгцээ багатай, хэт академик шинжтэй, амьдралаас хөндий, өдөр тутмын амьдралын гол тулгуур асуудлуудыг баттай суулгаж чадаагүйгээс үүдэлтэй гэвэл арай илүү үнэнд ойртох биз. Өөрөөр хэлбэл, монголын боловсролын систем гүнзгий хямралын ирмэгт ирээд байгаагийн дохио бөгөөд улс орныхоо хөгжлийн одоо, ирээдүйг харгалзан боловсролын системдээ ухаалаг дорвитой шинэчлэл өөрчлөлт хийх цаг болжээ.   Ардчиллын салхи үлээж эхэлсэн 90-ээд оноос эхлэн монголчууд бид өөрсдийгөө онолын суурь боловсрол сайтай гэдгээ мэдэрч, жирийн ардаас эхлээд төрийн сайдаа хүртэл бахархан ярьсаар ирсэн билээ. Өнгөрсөн 20 орчим жилд монголын боловсролд урд өмнө байгаагүй хатуу валютийн хөрөнгө оруулалт зээл тусламжаар орж ирж, урд өмнө үзээгүй олон сайдын нүүр харсан боловч боловсролын агуулга маань урд өмнө байгаагүйгээр түвшин нь доройтож ирсэн байх юм.   Социализмын үед боловсролын системийн эцсийн үр дүнд маш их анхаарал тавьж байсан нь нийт ард түмний дунд онц дүн, улаан диплом, зэрэг цолны нууцхан өрсөлдөөн зарлаж, оюун ухаанд нь боловсрол гэдэг хамгийн гол нь мэдлэг бус харин диплом, цол хэргэм гэсэн өрөөсгөл сэтгэлгээг баттай суулгаж чадсан байх юм. Энэ өрөөсгөл сэтгэлгээ нь зах зээлд шилжихдээ онц дүн, улаан диплом, зэрэг цолыг мөнгөөр авах замыг нээж, улс орон маань “хуурамч” эрдэмтэн мэргэдээр дүүрч, диплом үйлдвэрлэгч жижиг “ТҮЦ”-ийн тоогоор дэлхийд толгой цохиж, албан байгууллагууд ч хоёр үг зөв холбож хэлэх чадваргүй хирнээ гадаад хэлтэй гэж анкетаа бөглөдөг ажилтнуудаар дүүрч, улмаар боловсролын системийн нэр хүнд хөсөр унаж, гүн хямралын ирмэгт ирээд байна.   Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт авсан арга хэмжээ гэвэл сайндаа боловсролын хуулинд үндэслэл муутайхан нэмэлт оруулахаас хэтрээгүй бөгөөд харин хамаарах албан тушаалтнууд нь өөртөө болон дотны нөхдөө боловсролын ТҮЦ байгуулах эрхээр шагнахаас хэтэрч байсангүй. Боловсролын салбарт дээгүүр албан тушаал хашиж байсан олон хүмүүсийн нэртэй холбоотой нэг бус ТҮЦ-нүүд мөн л нөгөө дипломыг хөдөөний айлын эзэгтэй ааруул тавьж байгаагийн нэг адил “үйлдвэрлэж”, эзэнд нь багагүй ашиг авчирсаар л байгаа нь сайд дарга нарын хийх гэж байгаа өөрчлөлт шинэчлэлд цаашдаа итгэх итгэлийг алга болгож байна даа.   Ард түмэн маань ч социализмын үеийнхээ сэтгэлгээнээс ангижирч чадаагүй, онц дүн, улаан дипломд шүтэн биширсээр үр хүүхдээ нэг их дээд сургууль л бараадуулбал бусад нь болж бүтэх юм шиг хамаг мөнгөө үргүй зарсаар байх юм. Өнөөдөр их дээд сургууль төгсөгчдөөс хичнээн нь ямар ажил хийж байгаа, мөн хичнээн нь дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа талаар тодорхой судалгаа хийдэг байгууллага ч алга л байна. Гэтэл өнгөрсөн хориод жилд дэлхий дахинаа боловсролын философид эрс өөрчлөлт орж, мэдлэгийн зуунд зэрэг цол, диплом, гэрчилгээ, тэдний тоо, өнгөөр биш, эрдэмтэнг бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл, нийтлэлээр нь, гадаад хэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний түвшингээр, оюутан залуучуудыг зах зээлд гарч ажиллах чадвараар нь, сурагчдыг сургалтанд хамрагдсан хугацаа, мэдлэгээ бие даан гүнзгийрүүлэх чадвар, харьцааны өндөр соёлтой нийгмийн идэвхитэй иргэн болсноор нь үнэлдэг болж байх юм.   Манайд ч гэсэн ажил олгогчид шинэ боловсон хүчнийг өнөөдөр ямар сургууль төгссөн, ямар өнгийн диплом зэрэгтэйг харахаасаа илүү хүмүүстэй хэрхэн харьцаж чаддаг, үүрэг даалгаврыг ямархуу хариуцлагатай биелүүлж байгаа, гадаад хэлний мэдлэг нь хир, компьютер дээр хэрхэн ажиллаж байгаа зэргийг л илүүтэй харж, цалин хөлсийг нь эдгээр үзүүлэлтээс хамаарч тогтоох хандлагатай болж эхэлж байна.   Монголд өнөөдөр улс орны хөгжлийн бодлогыг зөв бариад явах шинэ үеийн мэргэжилтнүүд цөөн боловч бий болсон байна. Харамсалтай нь тэд нар төр засгийн байгууллагын дээд түвшин рүү тэмүүлэхгүй, төрөөс ч тэднийг олж харж дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа санагдана. Тэдгээр шинэ залуу үеийн элитүүд зах зээлд дэлхийн хэмжээнд яаж ажиллаж болох арга ухааныг эзэмшсэн учир юу хийж, яаж амьдрахаа хэнээр ч заалгахгүй болгоод л, гол төлөв харийн оронд ажиллаж амьдарч явна. Зах зээл, глобалчлал, мэдлэгийн зууны энэхүү хандлагад улс орны үндэсний аюулгүй байдлын үүднээс хариулт өгч, боловсролын системд гүнзгий өөрчлөлт хийх шаардлага төр засгаас эхлээд жирийн иргэн бүрийн өмнө хурцаар тавигдаж байна.   Төр засгаас ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, чанартай, нийгэмд шаардлагатай мэдлэг боловсрол олгох арга замыг эрж хайх, ард иргэдэд үр хүүхдээ дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд өндөр үнээр шилжүүлэх үү, эсвэл их сургуулийн дипломгүй ч нийгэмд шаардлагатай тодорхой мэдлэг, чадвар эзэмшүүлж амьдралаа авч явах замд нь чиглүүлэх үү гэдэг сонголтыг хийх цаг ирж байна. Харин залуучуудын өмнө өөрийн оюуны чадавхи, сонирхол, сэтгэлийн дуудлагаа сайтар нягтлан бодож, зах зээл, мэдлэгийн зуунд хэрхэн өөрийн байр сууриа олох талаар аль болох эртнээс төлөвлөж, зорилгодоо хүрэхийн тулд оюун ухаан, тэвчээр хатуужил, хүч чадлаа дайчлан ажиллах хэрэгтэй болж байна.   Их сургуулийн захирал, эзэд ард түмнээ хуурсан диплом олгодог сургалт явуулдаг бол эх орон ард түмнийхээ өмнө хийж байгаа нүглээ наминчилж, зоригтой шийдвэр гарган чанар муухан ангиудаа яаралтай хааж, их сургуулийн түвшинд нийцсэн сургалтыг явуулахад бүх хүчээ дайчлан ажиллах цаг болжээ. Оюутныхаа мөнгөөр барилга барьж, компьютерийн анги байгуулснаараа сайн сургууль гэгддэг байсан 90-ээд оны үе өнгөрснийг сайтар ухаарч, багш нарынхаа чанарыг дээшлүүлэх талаар дорвитой хөрөнгө оруулалт хийж, тэдэнд тавих шаардлагыг өндөржүүлж хэвшүүлэх шаардлагатай. Сургалтын дэвшилтэт технологийг өргөн нэвтрүүлж, гадаадад төгссөн залуучуудыг сургалтын ажилд татан оролцуулах талаар нэмэлт урамшууллын арга хэмжээ хэрэгжүүлэх, гадаад харилцаагаа хүн солилцох, туршлага судлах зэрэг үр дүнгүй хэлбэрээс диплом харилцан хүлээн зөвшөөрөх, тэдний дэвшилтэт сургалтын арга технологиос судалж нэвтрүүлэхэд шилжүүлэх, багш нараа гадны сургуульд урт богино хугацаагаар ажиллуулах, гадны багш нарыг урьж ажиллуулахад хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэх зэрэг ажлыг хийх цаг тулаад байна.   Төр өөрийн мэдлийн их дээд сургуулиудынхаа бүтцийг эргэн харж, тоог цөөлж оновчтой бүтцийг бий болгох, бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэлийг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчилж, улмаар улс орны хөгжлийн өнөөгийн нөхцөлд шаардлагатай мэргэжилд түлхүү анхаарал тавьж, түүнд дорвитой хөрөнгө оруулалт хийж, дэлхийн түвшинд ойртсон их сургуультай болох нөхцлийг бүрдүүлж өгмөөр байна. Түүнээс гадна зах зээлд өрсөлдөх чадвартай нарийн мэргэжлийн ажиллах хүчин бэлтгэх нэр хүндтэй дунд шатны боловсролын цоо шинэ бүтцийг бүрдүүлэх нийгмийн шаардлага урьд урьдаас илүүтэйгээр тавигдаж байна. Энэ ажлыг ажил олгогчид, хувийн хэвшлийнхнийг өргөн хүрээтэй оролцуулах замаар шийдвэрлэхгүй бол бас л зах зээлд хэрэгцээгүй ажилчин бэлтгэдэг хуучин систем рүүгээ хальтран орох аюултай.   Бүх нийтэд дунд боловсролыг үнэгүй олгох үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэх ажлын явцад эргэн нэг сайтар дүгнэлт хийж, дунд сургуулийн дамжлагаар гарч байгаа ирээдүйн иргэд маань юу сурч, ямар хүн болж байгааг судалмаар байна. Өнөөдрийн хүүхдүүд “Мянганы хүүхдүүд”-ийн нэг адил компьютер, чат, мессенжэр, интернет, гар утсаар гарамгай харилцаж чаддаг, мэдээллийг оюун ухаандаа тунгаахаас түрүүн интернэтээс олж “copy-paste” хийдэг, тоо бодлогыг толгойндоо бодохоосоо компьютераар бодуулдаг, чөлөөт цагаа компьютерийн тоглоом, видео кино үзэх зэргээр интернет медиад илүүтэйгээр зарцуулдаг болсныг харгалзан сургалтын арга технологио өөрчлөн, багш нараа яаралтай шинэ технологид сургах шаардлага тулгарч ирж байна. Өөрөөр хэлбэл, дунд сургуулийг академик сургалтаас нийгэмдээ идэвхитэй иргэн бэлтгэхэд чиглүүлэх, улмаар сургалтын эцсийн үр дүнд бус процесст илүү анхаарал тавих хэрэгтэй боловуу. Ер нь дунд боловсролын өөрчлөлт шинэчлэлийг хийхдээ Финланд, Норвеги, Өмнөд Солонгос зэрэг улсын туршлагыг бүтээлчээр судалж үзэж байж хийхэд буруудахгүй бизээ.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 16 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зөвлөгөө
Хичээлүүд
Амралт чөлөөт цаг

Сүүлийн бичлэгүүд

Жишиг даалгавар 10-11-р анги
(гарчиггүй)
Өглөө бүр хэрхэн өнгөлөг сэрэх вэ?
дэлхийн 1-р дайны 20 өнгөт зураг
Үзэсгэлэнт газарууд
дэлхийн 1-р дайн
7-р анги түүх
Эдийн засаг-тест
хэрэглэгдэхүүн
ядуурал
Нийгэмин тест
Олон улсын байгууллага
14-17-р зууны Монгол
НАТО
Зөвлөгөө

Найзууд

budsuren Aagiisaa



:-)
 
xaax